Germany | Finland | Saint Petersburg | Italy

- Завсар хоорондын мөчлөг /цикл/- машины ашиглалтанд орсноос хойшхи анхны их засвар хүртэлх буюу их засвар хоорондын хугацаа

- Засвар, техникийн үйлчилгээний үечлэл - нэг төрлийн засвар, техникийн үйлчилгээний хооронд машины ажиллах хугацаа /цагаар/

- Засвар хоорондын циклийн бүтэц, засвар хоорондын циклийн хугацаанд хийх засвар, техникийн үйлчилгээний тоо, үечлэл, нэр төрлийг хэлнэ

Машинд техникийн үйлчилгээг албадан, засварыг шаардлагаар хийх нь ашигтай. Техникийн үйлчилгээ гэж машиныг тогтмол цэвэрлэн, тохируулж, тосолж түүнийг эвдрэл ослоос урьдчилан сэргийлэх болон эд анги, холбоосыг хязгаарын элэгдлээс урьдчилан хамгаалах нэгдсэн арга хэмжээг хэлнэ.

Техникийн үйлчилгээг дотор нь ээлжийн, үечилсэн гэж хуваадаг. Ээлжийн техникийн үйлчилгээнд машиныг тослох, хүлээлцэхэд бэлтгэх, асаахын өмнө хяналтын үзлэг хийх, ажлын төхөөрөмж, явах анги, гэрэлтүүлэг, дохио, удирдлага, жолоодлогын системийн бүрэн бүтэн байдлыг шалгах зэрэг ажлууд орно.

Техникийн үечилсэн үйлчилгээнд машины ажлын төхөөрөмж, зангилгаа, агрегат, ган татлага, шингэний систем, хянах багаж хэрэгслийн байдлыг шалгаж оношлох, угаах, цэвэрлэх, тохируулах, бэхлэх, тосоор цэнэглэх, намар-өвөл, хавар-зуны улиралд түлш, ажлын шингэнийг солих буюу сэргээн засварлах ажлууд орно.

Машины засвар гэж ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтлийг арилгаж, түүний ажиллах чадварыг сэргээхэд чиглэсэн техникийн нэгдсэн арга хэмжээг хэлнэ. Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний системд засварыг урсгал ба их засварын гэж хоёр төрлөөр хийдэг.

Урсгал засвар гэж машиныг хэсэгчлэн задалж, хэвийн ажиллагааг саатуулж байгаа ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтэлтэй агрегат, зангилгааг шинэ буюу засварласан агрегат, зангилгаагаар сольж засварлахыг хэлнэ.

Их засвар гэж машиныг бүрэн задалж элэгдсэн агрегат, зангилгааг шинэ буюу засварласан агрегат, зангилгаагаар сольж машины их засварын дүрмийн дагуу анхны суулгалт холболтыг дахин сэргээж түүний ажиллах чадварыг бүрэн сэргээхийг хэлнэ.

Их засвар хийх үед машины засвар хооронд ажиллах нөөцийг тогтоодог. Урьдчилан сэргийлэх засварын системийг зөв зохион байгуулах нь засвар үйлчилгээний бүртгэл тооцоог системтэй хөтлөх, сэлбэг хэрэгсэл, ашиглалтын материал зарцуулалтыг нарийн тооцон, засвар үйлдвэрийн газруудын жигд ажиллагааг хангаж, засварыг төлөвлөгөөний үндсэн дээр явуулах боломжтой болно.

Машины засвар үйлчилгээг “Барилга замын машины урьдчилан сэргийлэх засвар хийх заавар”-т заасан шаардлагын дагуу гүйцэтгэх ёстой. Энэ зааварт засвар, техникийн үйлчилгээний төрөл, тэдгээрийн засвар, хоорондын мөчлөг, нийт хөдөлмөр зарцуулалт, мөн суурь машины болон слесарийн ажлын хэмжээ /хүн цагаар/, түүний засвар үйлчилгээнд зогсох хугацааг календарийн хоногоор тус тус заасан байна.

Germany | Finland | Saint Petersburg | Italy